Чинийх

Хүн бүр өөрийнхөө бодож байгаагаас хавьгүй их зүйлийг бүтээж чадна

Хүрээний зодоон

2012-01-24 06:16

Хүрээний зодоон 

Манж чин улсыг мөхсөний дараа Монгол улс тусгаар тогтнолоо олж хүрээ хийдэд байсан манжийн шунахай худалдаачид дарангуйлагчдын эсрэг тэмцэхдээ нударган зодооны тэмцлийн аргыг өргөн хэрэглэж байжээ.
Тухайлбал: Бадруулт төрийн 27 он /1901 оны үе/ Маймаа хотын хятад иргэд Хүрээний баруун зүүн талд худалдаа хийдэгээс үүдэн Дамнуурчны гудамжинд үе үе томоохон зодоон болдог байж. 1911 онд гарсан монгол хятадын өргөн их зодоон нь Манж амбан Сандог хөөхөд ихээхэн түлхэц болсон гэдэг. Тэр үеийн аливаа нэг зодоон нь иргэд хоорондын ахуйн шинжтэй бус эх орноо гэсэн чин зүрх сэтгэлийн хөөрлөөр илэрдэг байжээ.


  Ялангуяа Дамнуурчны гудамжинд хятад, монгол иргэдийн хооронд 1920 он хавьцаа цөөнгүй зодоон болдог байв. Тэр үед яг л Майдар эргэх гэж байгаа юм шиг олон хүн цуглаад зодоон үзнэ. Зарим сэтгэлийн хөөрөлдөө автсан жирийн ардууд зодоонд оролцож цус нөжиндөө холилдчихсон байдаг гэдэг. Хүрээний зодоон нь хятадын шунахай худалдаачид, манж эздийг эсэргүүцсэн ард түмний жижиг бослого мэт байж. 1921 оны партизануудын олонхи нь хүрээ зодоонд гарамгай байж. Тухайлбал: Бодоо лам зүүн хүрээ баруун хүрээний банди нарын хооронд болсон нэгэн зодоонд түрүүлж байсан байна. Энэ үеийн зодоон хоёр цагаас илүү үргэлжлэхгүй бөгөөд монгол эрчүүд хятад худалдаачдыг дээрэмдэх, чулуудах зэргээс үүсдэг. Зодооныг харах гэж хийдийн лам, эгэл ард, гуйлгачид тэр ч байтугай ноёд түшмэдүүд хүртэл ирдэг байж. Хятад талаас Элбэг-Амгалант гацааны "Цагаан шаахайт" буюу Бан Ляо хэмээх шөрмөслөг байрын эрийн толгойлсон кунфу, ушугийн мэдлэгтэй хятад залуус ирдэг байж. Бан Ляо хоёр хөлдөө нийт зургаан жингийн туухай зүүж явдаг байжээ. Түүнийг туухайгаа аваад үсрэхэд морьтой хүний дээгүүр гардаг, тэр ч байтугай өндөр дааман хаалган дээгүүр дүүлэн гарсан гэж нүдээрээ сургуулилалтыг нь харсан хүмүүс ярьцгаадаг байжээ. Тэр үнэхээр сайн зодоонч байсан. Түүнийг зодолдох сургаар хятадууд хөөрцөглөж, монголчууд бутран алга болдог байж. "Цагаан шаахайт"-ын зодолдож байгаа нь яг л бүжиглэх шиг санагддаг байлаа. Үе үе гутлынх нь цагаан ул гялалзаад л дор хаяад арван монгол эр нармайгаа нээлгээд хоцордог байв.


  Тэр энд тэнд яваа харагддаггүй, худалдаа наймаа хийдэггүй байсныг бодоход монголчуудын дээрэм тонуулыг дарахын тулд Бээжингээс авчирч эүгээр тэжээдэг байсан бололтой. Тэр зүгээр ч нэг байсангүй бас хятад залуусыг тулааны урлагт сургадаг байжээ.
          Манай хүрээ хийдэд дээр үеэс олон сайн нударган зодоончтой байлаа. Жишээ нь гэхэд Богдын хар Жамба, хүрэл Төгсөө гээд шээзгий араган дээр гарч зодолддог сайн зодоончид байлаа. Арган дээр гардаг нь өөрийгөө суурь сайтайг харуулж байгаа хэрэг. Нэг удаа хар Жамбыг даншигийн начин Сундуй арагнаас нь түлхэж унагаад дараа нь айхтар гүвшүүлсэн гэдэг. Манай зодоончид "Цагаан шаахайт"-тай ер тулгардаггүй байлаа. Таарсан ч гэлээ хэрсэн бух шиг өөд өөдөөсөө муухай харж байгаад л хоёр тийшээ сална. Харин засагт ханы "Солгой" Бадамжав гэдэг сайн зодоонч эр "Цагаан шаахайт"-тай нэг удаа нударга зөрүүлсэн юм.


  Тээр туулай жилийн өвөл Засагт ханы "Солгой" Бадамжав Дамнуурчны гудамжинд хэд хэдэн хужааг цус нөжтэй нь холиод "Та нар Бан Ляогоо дагуулаад ир" гэжээ. Ер нь тэр үед монгол иргэд Маймаа хот руу зүглэхээ байгаад байсан цаг. Тэнд дор хаяж гурав дөрвөн мянган хятад иргэд суурьшсан болохоор ганц нэгээрээ яваа монголчуудыг тэр дор нь л балбаж орхино. Харин хятадууд наймаа хийхийн тул хүрээний зүүн, баруун дамнуурчинд заавал ирнэ.


  Дамнуурчин гэдэг нь юу гэсэн үг вэ гэвэл одоогоор ачаа зөөгч буюу хүний барааг хусан дамнуургаар дамнан зөөж зардаг бүлэг хүмүүсийг хэлдэг байлаа. Зүүн дамнуурчинд хятад монгол зодоонч эрсийн тулаан болох сураг сонсогдож тэр хавийн худалдааны пүүсний мухлагууд нэг хоногийн өмнөөс үүд хаалгаа барьсан байна. Зодоон болох өдрийн үд дундад тас хар хувцастай өндөр цагаан хятад залуу гудамжинд гарч ирсэн нь Бан Ляо байж. Тэгтэл баруун талаас толгойгоо цагаан даавуугаар боосон солгой Бадамжав ээтэн монгол гутал өшиглөсөн шиг өвлийн тачигнасан ид хүйтнийг үл тоон дан цагаан цамцтай уур цан татуулан гарч иржээ.


  Хүрээний борчууд хүүхдүүд хэрэгт дуртай авгай чавганц нар ч хашаа гэрээсээ гүйлдэн гарч ирцгээжээ. Бан Ляо дороо бүжиглэх мэт дэвхцэн жороолж, харин Бадамжав Богд уулын оройг харсан шигээ толгой дээгүүр харж зогсчээ. Бан Ляо гэнэт түүн өөд ойртонгуутаа муухай хашгираад үсрэн өшиглөхөд Бадамжав хагас доош суугаад дээгүүрээ гаргаад хятад эрийн ар зоонд нь өшиглөж орхиж. Нүд ирмэхийн зуур болсон энэ гайхалтай өшиглөлт хятад эрийн тэнцвэрийг алдагдуулж орхив. Бадамжав энэ боломжийг ашиглан зогсоо зайгүй довтолж цохилт хийсэн ч амжилт олсонгүй. Бан Ляо зодолдохын тулд зайгаа авч ухарч эхлэхэд хөлийн нь аясаар бужигнасан цас бүжиглэх мэт үнэхээр гайхалтай байсан гэдэг.


  Хүмүүсийн сэтгэл хөдөлж "наад муу хужаадаа үзүүлээд өг" гэж хашгирцгаана. Төд удалгүй Бадамжавын ээтэн хоншоорт монгол гутал хятад кунфучийн булталтыг угтуулан цохиж хамрыг нь чихэж орхижээ.
Ингэж анх удаа монгол эр монгол нударган зодооноор хятад кунфучнийг ялж ард түмнээ баясгаж байжээ. Бадамжавыг нэгэн ноёны сүйх тэргэнд суугаад явахад зодоон харж, сэтгэл нь хөөрсөн монголчууд гудамжинд тааралдсан хятадуудыг нэлд нь зоджээ.
  Солгой Бадамжав 1937 оны хэлмэгдүүлэлтэнд өртөж цаазлагдсан бол Бан Ляо хэмээх хятад эр Барон Унгерн нийслэл хүрээг эзлэх үед ор сураггүй алга болсон гэдэг
.


Ангилал : Түүх | Нийтэлсэн : Нямka | Уншсан (1853) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. MJ :
    2012-09-17 18:34

    sonirholtoi goe niitlel bna.odoo tsagt davraad bga ene hujaanuudiig yah ve?

  2. galaa :
    2012-08-29 14:51

    www.seaways.miniih.com all orod uzee zaaval shvv setgegdel bicheerei

  3. puujee :
    2012-03-20 15:49

    sonirholtoi niitlel bn

Сэтгэгдэлийн тоо : 3

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл