Чинийх

Хүн бүр өөрийнхөө бодож байгаагаас хавьгүй их зүйлийг бүтээж чадна

ӨМГӨӨЛӨГЧИЙН МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ

2010-08-11 02:20

Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ээлжит ХI- Их хурлаар
нэмэлт, өөрчлөлтийг тусгасан дүрэм
 
 
ӨМГӨӨЛӨГЧИЙН МЭРГЭЖЛИЙН
ЁС ЗҮЙН  ДҮРЭМ
 
    Монгол Улсын Үндсэн хууль, бусал хууль тогтоомж, олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, хэм хэмжээнд заасан хүний эрх, эрх чөлөө хууль ёсны ашгийг хамгаалах мэргэжлийн үүргээ гүйцэтгэх явцад өмгөөлөгчийн зан үйлийг тодорхойлж, хууль дээдлэх, шударга энэрэнгүй байх зарчмыг бататгах  зорилгоор хууль зүйн мэргэжлийн туслалцааг үзүүлэх үед энэхүү дүрмийг дагаж мөрдөнө.
 
НЭГДҮГЭЭР ХЭСЭГ
 
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
 
Нэгдүгээр зүйл. Өмгөөлөгч, түүний үйл ажиллагааны зорилт
 
1.1 Энэхүү дүрэмд заасан “Өмгөөлөгч” гэснийг хуульч мэргэжилтэй, ял шийтгэлгүй, өмгөөлөгчийн мэргэшлийн шаардлага хангасан, сонгон шалгаруулалтад орж, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн Монгол Улсын иргэн гэж ойлгоно.
 
1.2 Өмгөөлөгчдийн зорилт нь хувь хүн болон хуулийн этгээдэд хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх, тухайлбал тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг Үндсэн хуулийн, арбитрын, захиргааны, иргэний болон эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцож хамгаалах явдал мөн. 
 
1.3 Энэ зүйлийн нэг дэх хэсэгт заасан өмгөөлөгчид энэ дүрмийг өмгөөллийн үйл ажиллагаандаа чанд баримтлан ажиллана.
 
Хоёрдугаар зүйл. “Өмгөөлөгчдийн зан үйл”-ийн тухай ойлголт
 
2.1. Энэхүү дүрэмд заасан “Өмгөөлөгчдийн зан үйл” зан суртахууны нийтээр хүлээн зөвшөөрсөн ёс суртахууны ач холбогдол бүхий өмгөөлөгчийн үйлдэл ба эс үйлдэхүйн нийлбэр гэж ойлгоно. Өмгөөлөгчийн зан үйл нь мэргэжлийн ёс зүй гэсэн ойлголтоор тодорхойлогдоно.
 
Гуравдугаар зүйл. Өмгөөлөгчийн ёс зүй, дүрмийн эрх зүйн үндэс
 
3.1. Монголын Өмгөөлөгчдийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн эрх зүйн зохицуулалтын үндэс нь Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, хэм хэмжээ,  Монгол Улсын Өмгөөллийн тухай хууль, бусад холбогдох хууль тогтоомж болон энэхүү дүрмээс бүрдэнэ.
 
Дөрөвдүгээр зүйл. Өмгөөлөгчөөс хувь хүн ба хуулийн этгээдэд
хууль зүйн туслалцаа үзүүлэх зарчим
 
4.1. Өмгөөлөгчөөс хувь хүн болон хуулийн этгээдэд хууль зүйн туслалцаа үзүүлэхдээ дараахь зарчмыг баримтална.
4.1.1 тодорхой, ойлгомжтой байх,
4.1.2 хууль дээдлэх,
4.1.3 шударга ёсыг сахих,
4.1.4 чөлөөт гэрээ, тохиролцоонд үндэслэх,
4.1.5 х        үнлэг энэрэнгүй байх,
4.1.6 соёлтой харилцааг эрхэмлэх,
4.1.7 нууцыг хадгалах,
4.1.8 хууль зүйн туслалцааг насанд хүрээгүй хүмүүс, жирэмсэн эмэгтэй, тахир дутуу болон амьдралын хүнд нөхцөл байдалд буй бусад хүмүүст үзүүлэхдээ хөнгөлөлттэй нөхцлийг бүрэлдүүлэх.
 
Тавдугаар зүйл. Мэргэжлийн ёс зүйн дүрмийн үр дагавар
 
5.1. Мэргэжлийн ёс зүйн дүрмийг аливаа соёлт иргэншсэн нийгэмд хүлээн зөвшөөрдөг бөгөөд өмгөөлөгчид үүргээ хэрэгжүүлэх явдлыг хангах зорилгоор нийт өмгөөлөгч дагаж мөрдөнө. Өмгөөлөгч эдгээр хэм хэмжээг сахин биелүүлээгүй нөхцөлд сахилгын хариуцлага хүлээнэ.
 
ХОЁРДУГААР ХЭСЭГ
 
ӨМГӨӨЛӨГЧИЙН ЁС ЗҮЙН ҮНДСЭН ХЭМ ХЭМЖЭЭ
 
Зургадугаар зүйл. Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын
ажилтнуудтай өмгөөлөгч, үйлчлүүлэгч ба мэргэжил нэгтэнтэйгээ
харилцахзан үйлийн зарчим
 
6.1. Өмгөөлөгч нь үйлчлүүлэгч шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын ажилтнуудтай харилцахдаа баримтлах зан үйл нь харилцан ойлголцох, итгэлцэх болон тавьсан зорилго, хүлээсэн үүргээ ягштал биелүүлэх зарчимд үндэслэнэ.
 
Долоодугаар зүйл. Өмгөөлөгч мэргэжлийн үүргээ хэрэгжүүлэх, мэргэжлээ дээшлүүлэх, мэргэжил нэгтэнтэйгээ харилцах
 
7.1 Өмгөөлөгч мэргэжлийн үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхдээ ямар нэгэн нөлөөнд автахгүйгээр эрх зүйн ухамсар, мэргэжлийн үүргээ удирдлага болгоно. Ингэхдээ өөрийнхөө үйлдлийг хууль зөрчихгүйгээр үйлчлүүлэгчийнхээ ашиг сонирхолтой нийцүүлж хэрэгжүүлнэ.
7.2 Өмгөөлөгч нь эрхэлсэн ажилдаа чин сэтгэлээсээ хандаж мэргэжлийн үндсэн үүргээ ёсчлон хэрэгжүүлж өөрийнхөө хөдөлмөрийг ашигтай зохион байгуулах ажлыг биечлэн хариуцна.
7.3 Өмгөөлөгч нь мэргэжил мэдлэгээ байнга дээшлүүлж, хууль тогтоомж, эрдэм шинжилгээний болон практикийн ном зохиолыг судалж, шүүхийн практикт дүн шинжилгээ тогмол хийж байна.
7.4 Өмгөөлөгч нь хамтран ажиллагсадтайгаа хүндэтгэх,  ойлголцох, итгэлцэх, хамтран ажиллах үзэл санаагаар харилцаж, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх явцдаа бусад өмгөөлөгчдийн нэр хүндийг хүндэтгэн харилцаж, өмгөөлөгчдийн хамт олны дотор зан суртахуун, сэтгэл санааны болон эдийн засгийн /гишүүний татвараа төлөх зэрэг/ нэн тааламжтай уур амьсгалыг бүрдүүлэхэд тус дөхөм үзүүлнэ.
7.5 Өмгөөлөгч нь өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх явцдаа даруу төвшин, өөртөө шүүмжлэлтэй хандаж байх үүрэгтэй. Өмгөөлөгч нь өөрийнхөө ажил хэргийн нэр хүндийг дээшлүүлэхийн тулд бусад өмгөөлөгчийн алдар хүнд , нэр төрд сэв суулгах эрхгүй.
7.6 Өмгөөлөгч нь өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх явцдаа хууль бус арга хэрэглүүр ашиглах ёсгүй.
 
Наймдугаар зүйл. Өмгөөлөгч үйлчлүүлэгчтэйгээ харилцах
 
8.1 Өмгөөлөгч нь хууль тогтоомжийн хэм хэмжээ болон энэхүү дүрмийг удирдлага болгон өөрийнхөө болон бусад өмгөөлөгчийн нэр хүндэд сэв суулгахгүйгээр үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг цаг ямагт хамгаалах үүрэгтэй.
8.2 Өмгөөлөгч нь үйлчлүүлэгч өмгөөлөгчөө чөлөөтэй сонгох эрхэд хүндэтгэлтэй хандах ёстой. Өмгөөлөгч нь  үйлчлүүлэгчийг дарамт, шахалтад оруулах ёсгүй.
8.3 Өмгөөлөгч нь үйлчлүүлэгчийнхээ ашиг сонирхлыг зөрчилдөөнд хүргүүлэх ёсгүй учраас хэрэв нэг үйлчлүүлэгчийн ашиг сонирхлыг төлөөлөх явдал нөгөө үйлчлүүлэгчийн ашиг сонирхолтой зөрчилдвөл аль нэгийнх нь эрх ашгийг хамгаална. Өөрөөр хэлбэл зөрчилдсөн хоёр ба түүнээс дээш ашиг сонирхлыг зэрэг хамгаалж болохгүй.
8.4 Өмгөөлөгч нь өөр нэгэн өмгөөлөгч урьд нь оролцож байсан хэрэгт өмгөөлөлтэй холбоотой тодорхой үйл ажиллагаа явуулах хүсэлт хүлээж авахдаа гагцхүү энэ тухай түүнд мэдэгдсний дараа гүйцэтгэх ёстой.
8.5 Үйлчлүүлэгч өөрийнхөө ашиг сонирхлыг өөр ямар нэгэн өмгөөлөгчтэй хамтран хамгаалуулах хүсэлт гаргасан тохиолдолд нөгөө өмгөөлөгчтэйгөө зөвшилцсөн байх ёстой.
8.6 Өмгөөлөгч нь холбогдох хууль тогтоомжийг хэрэглэх тайлбарлах асуудлаар өөрийнх нь мэдлэг мэргэжил, хүч бололцоо хүрэхгүй байгааг мэдэрсэн нөхцөлд, мөн биеийн эрүүл мэндийн байдал бусад хүндэтгэх бодит шалтгаан гарсан үед үйлчлүүлэгчээс өмгөөлүүлэхээр тавьсан хүсэлтийг авахаас татгалзах эрхтэй.
8.7 Өмгөөлөгч нь тухайн хэргийг бүрэн төгс шийдвэрлүүлж дуустал үйл ажиллагаагаа тууштай явуулна. Өмгөөлөгч нь хэргийн материалд үндэслэн өөрийнх нь ашиг сонирхлыг хамгаалах талаар гаргаж болзошгүй шийдвэрийн талаар үйлчлүүлэгчиддээ урьдчилан мэдээлэх эрхтэй. Өмгөөлөгч нь үйл ажиллагаагаа явуулахдаа үүсэн гарч болохуйц бусад асуудлын талаар тайлбарлан таниулна. Өмгөөлөгчийн зөвлөгөө нь хуулийн хүрээнээс халих ёсгүй.
8.8 Өмгөөлөгч нь туйлын ажил хэрэгч байх бөгөөд үйлчлүүлэгчидтэйгээ харилцахдаа ухаалаг, соёлтой, шуурхай байдлыг хангаж, хэргийн ажиллагааг өөрөөс шалтгаалах нөхцөл байдлаар удаашруулахаас аль болох зайлсхийж хэргийн явц байдлын талаар үйлчлүүлэгчиддээ тогтмол мэдээлэл өгөх ёстой.
8.9 Хууль эрх зvйн туслалцаа vзvvлэхээр тохиролцсон  цагаас, vйлчлvvлэгчдээ өмгөөллийн vйлчилгээний хөлс түүнийг тооцох аргачлалыг заавал  мэдэгдэх ёстой.
8.10 Хууль зүйн туслалцаа үзүүлэх асуудлаар өмгөөлөгч, тусламж авагчтай гэрээ байгуулан ажиллах vvрэгтэй,
8.11 Өмгөөлөгч дараах тохиолдолд иргэний хэрэгт өмгөөлөгчөөр оролцох саналыг хүлээж авахгүй байж болно.
8.11.1 Үйлчлүүлэгчийн шаардлага буюу татгалзлыг үндэслэгээтэй болгоход шаардлагатай үйл баримт байхгүй болох нь илэрсэн
8.11.2 Шаардлага буюу татгалзлын үндэслэгээ нь тухайн эрх зүйн харилцааг зохицуулсан хуулийн дагуу нотлох баримтаар нотлогдохгүй байгаа.
8.11.3 Өмгөөлөгчийн эрх зүйн байр суурь үйлчлүүлэгчийн байр суурьтай зөрчилдсөн.
8.11.4 Маргаантай асуудал үүссэний улмаас өмгөөлөгч нь нөгөө талтай хувийн үл ойлголцох харьцаатай болсон
8.12 Өмгөөлөгч дараах тохиолдолд өмгөөлөгчөөр оролцох ёсгүй.
8.12.1 Хэрэв тухайн хэргийн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчтэй өмгөөлөгч ойрын төрөл садны холбоотой бол
8.12.2 Хэрэв өмгөөлөгч урьд нь тухайн хэрэгт шүүгч, мөрдөн байцаагч, хэрэг бүртгэгч, прокурор, иргэдийн төлөөлөгч, шинжээч, орчуулагч, гэрч, хохирогч, иргэний хэргийн үндсэн нэхэмжлэгч, хариуцагч, түүнчлэн шүүх хурлын нарийн бичгийн даргаар оролцсон бол
8.12.3 Хэрэв өмгөөлөгч урьд нь нөгөө талд хууль зүйн туслалцаа үзүүлж энэ нь хүсэлт гаргагчийн ашиг сонирхолтой зөрчилдөж байгаа бол
8.12.4 Хэрэв тухайн хэрэгт ачаалал ихтэй учир өмгөөлөгчөөр ажиллаж чадахгүй болох нь өмгөөлөгчид тодорхой болсон бол
8.13 Өмгөөлөгч нь өөрийнхөө гүйцэтгэсэн ажилдаа тохирсон хөлсийг дараахь нөхцөл байдлыг харгалзан тогтоож, өмгөөллийн хөлсний талаар тодорхой тусгасан заалтыг хууль зүйн туслалцаа vзvvлэх гэрээнд заавал оруулсан байна
8.13.1 Хэргийн ээдрээ төвөгтэй байдал
8.13.2 Зарцуулах зайлшгүй шаардлагатай хөдөлмөр, цаг хугацаа
8.13.3 Үйлчлүүлэгчийн эд хөрөнгийн байдал
8.13.4 Өөрийн өмгөөллийн ажлын дадлага, туршлага, нэр хүнд
8.13.5 Өмгөөллийн ажлын хөлсний хэмжээ уг үйл ажиллагааны үр дүн, үйлчлүүлэгчийн энэ талаарх үнэлгээнээс шууд хамаарна.
8.13.6 Өмгөөллийн хөлс авахгүйгээр ажил, үйлчилгээ үзүүлж болно.
8.13.7 Өмгөөлөгч нь үйлчлүүлэгчээсээ хөлс авсан тухай бүртээ баримт олгож байна.
8.13.8 Хэрэв өмгөөлөгч нь үйлчлүүлэгчээс өмгөөллийн хөлсийг урьдчилан авсныхаа дараа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр харилцан тохиролцсон ажил үүргээ гүйцэтгээгүй тохиолдлыг өмгөөлөгчийн ёс зүйг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж өмгөөллийн хөлсийг буцаан олгуулах төдийгүй өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагааны нэр хүндэд ноцтой харшилсан үйлдэл учраас өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах хүртэл сахилгын арга хэмжээ оногдуулна. 
 
 
Есдүгээр зүйл. Өмгөөлөгч хууль бус шаардлага тавьсан
үйлчлүүлэгчийн хүсэлтээс татгалзах
 
9.1 Өмгөөлөгч нь хуульд харшилсан шаардлаг тавьж байгаа болон өөрийнхөө ашиг сонирхлыг хамгаалуулахын тулд хууль бус арга хэрэглүүр ашиглахыг шаардаж байгаа үйлчлүүлэгчид туслалцаа үзүүлэхээс татгалзах эрхтэй. Түүнчлэн өмгөөлөгч нь үйлчлүүлэгч өөрийнхөө ашиг сонирхлын төлөө зогсохдоо зан суртахууны хувьд эргэлзээтэй арга хэрэглүүр ашиглуулах байр суурин дээр байгаа, түүнчлэн боломжгүй бусад арга хэрэглүүр хэрэглэхийг шаардаж байгаа бол хууль зүйн туслалцаа үзүүлэхээс татгалзаж болно.
 
Аравдугаар зүйл. Өмгөөлөгчийн цээрлэх зүйл
 
10.1 Хэрэг, асуудлыг урьдчилан ашигтай шийдүүлнэ гэж амлалт өгөх
10.2 Тохиролцооноос гадна өмгөөллийн үйл ажиллагааны хэмжээ, үр дүнд тохирохгүй өндөр үнэ хөлс нэхэх
10.3 Үйлчлүүлэгчтэй ажлын цагаар болон ажлын байранд архидан согтуурах
10.4 Өмгөөлөгч байгаа байдлаа далимдуулж үйлчлүүлэгчээр өөрийн хувийн ажил төрлийг хөөцөлдүүлэх, зүй бус харьцаа тогтоох
10.5 Өмгөөллийн хөлснөөс өөр шан харамж авахаар шахалт дарамт үзүүлэх
10.6 Өмгөөлж буй асуудлынхаа хүрээнд хуулийн байгууллагын ажилтнуудтай хэлхээ холбоо тогтоох
10.7 Гэм буруу нь шүүхээр тогтоогдоогүй хэрэг маргаан шийдэгдээгүй байхад урьдчилсан дүгнэлт хийж хэвлэл мэдээлллийн хэрэгслүүдээр тараах, бусад этгээдүүдийг үндэслэлгүйгээр дайрч гутаах, өмгөөллийн мэргэжлийн нэр хүндэд харш үйлдэл, үйл ажиллагаа явуулах
 
Арван нэгдүгээр зүйл. Өмгөөлөгч өмгөөлүүлэгчтэйгээ харилцах
 
11.1 Өмгөөлөгч нь үйлчлүүлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг бүрэн хангахад чиглэсэн баталгааг урьдчилан гаргах ёсгүй. Түvнчлэн өмгөөлөгч нь үйлчлүүлэгчтэйгээ тохиролцсон өмгөөллийн байр сууриа гэнэт өөрчлөх, тэрчлэн үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байхад түүний гэм буруу нь нотлогдсон мэтээр зөвшөөрөх эрхгүй.
11.2 Өмгөөлөгч нь урьдчилан хоригдсон үйлчлүүлэгчид онцгой анхаарал тавих ёстой бөгөөд түүний албадан саатуулагдсан байдал нь нийгмийн төдийгүй бие махбодийн хувьд тусгаарлаж, ингэснээр ердийн нөхцөл байдал, холбоо хэлхээ нь хасагдаж амьдралын хэв ёсонд өөрчлөлт орсон гэдгийг байнга санаж ажиллах ёстой. Үүнээс гадна хоригдсонтой холбогдон зан суртахууны болон бие махбодийн шаналгаа үүссэн гэдгийг мартаж хэрхэвч болохгүй. Өмгөөлөгч нь тодорхой хэргийг хянан шийдвэрлэхэд өөрийн мэдлэг, дадлага туршлага, мэргэжлийн боломжоо хэрэв өмгөөллийг зохих ёсоор явуулах боломжгүй болсноо мэдэрсэн тохиолдолд энэ тухай үйлчлүүлэгчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй.
 
Арван хоёрдугаар зүйл. Өмгөөлөгч хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ба албадан саатуулах, урьдчилан хорих байгууллагатай харилцах
 
12.1 Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд оролцохдоо өмгөөлөгч нь өөрийнх нь бичсэн өргөдөл, гомдол, хүсэлт, тавьсан асуудал үндэслэлгүйгээр мэргэжил нэгтнээ эвгүй байдалд оруулаагүй, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдын нэр хүндийг гутаахад чиглэгдээгүй байлгах нөхцлийг биечлэн бүрэн хангах үүрэгтэй.
12.2 Хэрэв хэргийг хянан шийдвэрлэх явцад нэг талыг барьсан, түүнчлэн сэжигтэн, яллагдагчийн эрхийг хөндсөн тохиолдол үүсвэл хуулийн энэ зөрчлийг таслан зогсоохын тулд хуульд заасан бүхий л арга хэрэглүүрийг бүрэн ашиглах үүргийг өмгөөлөгч хүлээнэ.
12.3 Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын явцад өмгөөлөгч өмгөөлөл хийхдээ сэжигтэн, яллагдагчид албадлагын шинжтэй хууль бус аливаа арга хэрэглэх гэсэн оролдлогыг тэвчин өнгөрүүлж болохгүй бөгөөд мөрдөн байцаалтын явцад алдаа гаргахаас урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг авах ёстой.
12.4 Өмгөөлөгч нь албадан саатуулах болон урьдчилан хорих байранд байхдаа энэ талаарх хууль тогтоомжийн шаардлагыг сахин биелүүлэх үүрэгтэй.
12.5 Өмгөөлөгч нь албадан саатуулагдаж байгаа болон урьдчилан хоригдож байгаа үйлчлүүлэгч болон бусад этгээдэд хориглосон зүйлийг дамжуулах эрхгүй. Өмгөөлөгч нь аливаа нөхцөл байдалд өмгөөлүүлэгчидтэйгээ цагийн хязгаарлалтгүйгээр ганцаарчлан уулзалт хийхийг шаардах эрхтэй.
 
Арван гуравдугаар зүйл. Өмгөөлөгч нь шүүх болон байцаан шийтгэх
ажиллагааны оролцогчидтой харилцах
 
13.1 Захиргааны, арбитрын болон иргэний, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүн таслах ажиллагаанд оролцож буй өмгөөлөгч нь шүүхээс хууль ёсны үндэслэлтэй, зүй зохистой тогтоол, шийдвэр, таслан шийдвэрлэх тогтоол гаргуулах талаар шүүхэд туслалцаа дэмжлэг үзүүлэх ёстой. Энэ зорилгоор өмгөөлөгч нь шүүх хуралдааны ажиллагаа ба нотлох баримтыг шинжлэн судлахад идэвхтэй оролцож, шүүх хуралдааны явцад шалгагдсан үйл баримт, хэргийн материалд тулгуурлан шүүхэд өөрийн үндэслэлээ гаргана.
13.2 Шүүх хуралд оролцож буй өмгөөлөгч нь шүүх хуралдааны тогтоосон дэг журмыг сахин биелүүлэх ёстой. Шүүх хурал дээр өмгөөлөгчийн хийсэн үйлдэл, хэлсэн үг бүр нь урьдчилан сайтар бодож боловсруулсан, үндэслэгээтэй байх ёстой.
13.3 Өмгөөлөгчийн буруугаас шүүх хурлыг удаа дараа хойшлуулсан болон өмгөөлөгчийн бусад буруутай үйлдлийн талаар Өмгөөлөгчдийн холбоо, аймаг, нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлд мэдэгдсэн бол уг асуудлыг сахилгын хороо шалгаж хариуцлага хүлээлгэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ.
 
ГУРАВДУГААР ХЭСЭГ
 
ӨМГӨӨЛӨГЧИЙН МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ
 
Арван дөрөвдүгээр зүйл. Монголын Өмгөөлөгчдийн
Мэргэжлийн ёс зүйг сахиулах баталгаа. 
 
14.1. Ёс зүйн дүрмийг сахиулах явдлыг Монгол Улсын Өмгөөллийн тухай хууль,   Монголын Өмгөөлөгчдийн Холбооны дүрэм, Сахилгын хорооны дүрэм, энэхүү дүрмээр тогтоосон арга хэмжээгээр баталгаажуулна.
 
Арван тавдугаар зүйл. Өмгөөлөгчийн ажил,
мэргэжлийн ёс зүйн зөрчил
 
15.1. Өмгөөлөгч хууль, мэргэжлийн ёс зүйн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй, ёс зүйн дүрмийн зарчим, шаардлагыг зөрчсөн үйлдэл хийсэн тохиолдолд сахилгын хариуцлага хүлээлгэнэ.  Сахилгын хариуцлага хүлээлгэх журмыг сахилгын хорооны дүрмээр тодорхойлно.
 
Арван зургаадугаар зүйл. Энэхүү дүрмийн шаардлагыг
өмгөөлөгч биелүүлэх үүрэг
 
16.1. Монголын Өмгөөлөгчдийн мэргэжлийн ёс зүйн энэхүү дүрмийн заалтыг биелүүлэх нь өмгөөлөгчийн ариун үүрэг, нэр төрийн хэрэг мөн. Монголын Өмгөөлөх байгууллага түүний гишүүдийн нэр хүндийг дээшлүүлэх чухал нөхцлийг бүрдүүлнэ.
 
Арван долоодугаар зүйл. Төгсгөлийн хэсэг
 
17.1. Энэ дүрэм батлагдсан өдрөөсөө эхлэн хүчин төгөлдөр дагаж мөрдөнө.

Like | Ангилал : Ёс Зүй | Нийтэлсэн : Нямka | Уншсан (1126) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл